Цагдаагийн албаны тухай хууль

ЦАГДААГИЙН АЛБАНЫ ТУХАЙ

/Шинэчилсэн найруулга/

 
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь хууль сахиулж, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үйлчилгээг иргэдэд үзүүлэх үүрэгтэй Монгол Улсын цагдаагийн албаны тогтолцоо, үйл ажиллагаа, цагдаагийн алба хаагчийн эрх зүйн байдал, цагдаагийн байгууллагад тавих иргэний хяналтын эрх зүйн үндсийг тогтооход оршино.

2 дугаар зүйл.Цагдаагийн албаны тухай хууль тогтоомж

2.1.Цагдаагийн албаны тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Хууль сахиулагчийн эрх зүйн байдлын тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

3 дугаар зүйл.Цагдаагийн алба

3.1.Цагдаагийн алба нь гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүрэг бүхий хууль сахиулах байгууллага мөн.

4 дүгээр зүйл.Цагдаагийн албаны үйл ажиллагаа, удирдлагын үндсэн зарчим

4.1.Цагдаагийн алба, алба хаагч нь үйл ажиллагаандаа Монгол Улсын Үндсэн хууль, Хууль сахиулагчийн эрх зүйн байдлын тухай хуульд зааснаас гадна хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх, ил тод, нээлттэй байх, нууцыг чанд хадгалах, олон нийтийн итгэл хүлээж иргэний дэмжлэгийг авах, төрийн болон төрийн бус байгууллага, нутгийн өөрөө удирдах байгууллага, иргэдтэй харилцан хамтран ажиллах, шинжлэх ухаан, орчин үеийн техник, технологи, мэдээллийн сүлжээний ололтыг ашиглах, нэгдмэл төвлөрсөн удирдлагатай байх үндсэн зарчмыг баримтална.

4.2.Нэгдмэл төвлөрсөн удирдлагатай байх зарчим дараах байдлаар хэрэгжинэ:

4.2.1.дээд шатны цагдаагийн байгууллага, алба хаагчийн үүрэг, даалгавар, шийдвэрийг доод шатны байгууллага, алба хаагч биелүүлэх, дээд шатны байгууллага, алба хаагчийн үүрэг, даалгавар, шийдвэр нь хуульд нийцсэн байх;

4.2.2.доод шатны цагдаагийн байгууллага, алба хаагч нь дээд шатны байгууллага, алба хаагчийн өмнө ажлаа хариуцан тайлагнах;

4.2.3.дээд шатны цагдаагийн байгууллага нь доод шатны байгууллага, алба хаагчийн хууль бус, үндэслэлгүй шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох;

4.2.4.дээд шатны цагдаагийн байгууллага нь доод шатны цагдаагийн байгууллагын үйл ажиллагаа, шийдвэрийн талаарх гомдлыг хянан шийдвэрлэх;

4.2.5.алба хаагч удирдлагаас өгсөн хууль ёсны үүрэг, даалгаврыг хуульд заасны дагуу биелүүлэх, хууль бус үүрэг даалгаврыг биелүүлэхээс татгалзах.

4.3.Цагдаагийн байгууллага, алба хаагчаар хуульд зааснаас өөр ажил, үүрэг гүйцэтгүүлэхийг хориглоно.

5 дугаар зүйл.Цагдаагийн байгууллагын тогтолцоо

5.1.Цагдаагийн байгууллага нь цагдаагийн төв байгууллага, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллага, харьяа нэгжээс бүрдэнэ.

5.2.Цагдаагийн төв байгууллагын орон тооны дээд хязгаар, зохион байгуулалтын бүтцийг Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуульд заасны дагуу тогтооно.

5.3.Цагдаагийн төв байгууллага нь гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах болон дэмжлэг үзүүлэх зохион байгуулалтын бүтцийн нэгжээс бүрдэнэ.

5.4.Цагдаагийн төв байгууллагад энэ хуулийн 5.3-т заасан нэгжээс гадна дотоод хяналт-аюулгүй байдлын нэгж байгуулна.

5.5.Цагдаагийн төв байгууллагын дэмжлэг үзүүлэх нэгжийн харьяанд судалгаа, сургалт дадлагын болон албаны зэвсэг, тусгай хэрэгсэл, тусгай зориулалтын техник хэрэгслийн чанар стандартыг судлан тогтоох лаборатори, энэ хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлэхэд туслах инженер техник, засвар үйлчилгээ, үйлдвэрлэл, санхүү, хангалт хариуцсан нэгж байж болно.

/Энэ хэсэгт 2014 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

5.6.Цагдаагийн төв байгууллага нь гэмт үйлдлийг таслан зогсоох, гэмт этгээдийг аюулгүй болгох, баривчлах үүрэг бүхий тусгай бэлтгэл тактикийн бүлэг, тодорхой төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр дагнасан шүүхийн шинжилгээний нэгжийг нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагад байгуулан ажиллуулж болно.

5.7.Нутаг дэвсгэрийн хэмжээ, хүн амын нягтаршил, газар зүйн байршил, зам харилцааны нөхцөл, гарсан хэрэг, зөрчлийн тоог харгалзан эдийн засгийн зохистой зардлыг тооцсон бүтэц, орон тоо, автомашин, тусгай хэрэгслийн хангалт, тэдгээрийн эдэлгээ, гүйлтийн жишиг нормативыг хууль зүйн болон санхүүгийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран тогтооно.

 

Хуулийг бүрэн эхээр нь татах /Click mouse/

Сүүлд нэмэгдсэн мэдээ

САНАЛ АСУУЛГА »
Нисэх, Яармагийн гүүр хүртэл замыг улсын дугаарын хязгаарлалтаас чөлөөлөхийг та дэмжиж байна уу?
Санал өгсөн нийт хүн (169)
  • Тийм
  • Үгүй

» Бусад санал асуулга харах

Та манай вэб хуудасны

зочин боллоо.